Засгийн газраас улсын баяр наадмаар аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулах хуваарийг баталсан.
Энэ жил шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт явагдана. Их хурдад түрүүлсэн морины эзэнд 3 өрөө байр, уралдаанч хүүхдэд 1 өрөө байр өгнө хэмээн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос мэдээлжээ.
Түүнчлэн зуны бүсийн хурдан морины уралдааныг тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулах юм байна.
Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадам долдугаар сарын 29-31-нд болно.
Бүсийн хурдан морины уралдааны хуваарь:
- Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт
- Төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт
- Хангайн бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл аймагт
- Говийн бүсийн хурдан морины уралдаан Дундговь аймагт
- Зүүн бүсийн хурдан морины уралдаан Сүхбаатар аймагт болно.