Сэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг Ардын эрх нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцлоо. Ярилцлагыг бүрэн эрхээр нь хүргэж байна.
-Нэвтрүүлгийн урилга хүлээж авсанд баярлалаа. Гэрийн тэжээвэр амьтныг эрх зүйн зохицуулалтад оруулах ямар шаардлага, ач холбогдолтой вэ?
-Жилийн өмнө гэрийн тэжээвэр амьтантай холбоотой асуудлаар “Азтай савар” ТББ-ын залуус анх надад хандсан. Тэд "Дэлхийн 129 улс энэ чиглэлээр бие даасан хуультай. Манай улс хуульгүй. Бид хуулийн төслийг боловсруулж буй. Та энэ хуулийн асуудлыг хариуцаж ажиллах боломжтой юу” гэдэг хүсэлт тавьсан. Би өөрөө амьтан тэжээдэггүй, хууль, шүүх, “хонгил” ярьдаг, энэ сэдэв надаас хол л доо.
Нөхцөл байдлын судалгааг хийгээд үзсэн чинь энэ нь амьтны асуудал биш хүний асуудал, тэр дотроо хүний эрхийн асуудал байдаг юм. Манай улсад гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг 220-250 мянган хүн байна. Эзэнгүй нохой, муурын тоо 300-320 мянга болчихсон. Үүнтэй хэрхэн тэмцдэг вэ гэвэл жилдээ 80-90 мянган нохой, муурыг буудаж устгадаг. Нохой, муур жилд хоёр удаа маш олон гөлөг гаргаж, хурдтай үрждэг учраас буудаад, буудаад хурдыг нь гүйцэхээ больчихсон. Улаанбаатар хот золбин нохой, муурандаа “баригдчихсан”. Богд ууланд бүр буга барьсан шүү дээ.
Нийслэлд 2021 онд 2500 хүн, хүүхэд нохойд хазуулсны 70 хувь нь 10 хүртэлх насны хүүхэд байна. Нэг хүнд улсаас 250 мянган төгрөгийн эмчилгээний төлбөр гардаг. Мөн нохой, муураа устгахдаа жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс хоёр тэрбум төгрөгийг зарцуулдаг. Энэ бол зөвхөн хотын хэмжээнд яригдаж байгаа мөнгөний тоо. Бараг 100 мянган нохой, муур устгаад сэг, зэмийг нь хөрсөнд булдаг. Тэгэхээр нийслэлд жилдээ 100 мянган нохой, муур хөрсөнд булж байна гэдэг нь “Далан давхар”-ын оршуулгын газраас илүү бохирдлын гол шалтгаан болчихсон.
ЗӨСҮТ болон ХӨСҮТ-өөс халдварт өвчин үүсгэх үндсэн шалтгааны нэгдүгээрт нүхэн жорлон, хоёрдугаарт хөрсөнд булж буй нохой, муурын сэг, зэм байна гэж анхааруулдаг, асуудал тавьдаг. Ялангуяа зундаа бороо орж, үер болоход нөгөө ялзарсан сэг, зэм хотоор дүүрэн урсдагаас болоод халдвар өвчин тархах аюулын харанга дэлдчихээд байгаа юм. Энэ чинь цаана нь хүний асуудал байгаад байна.
Тиймээс л зохицуулалт шаардлагатай байгаа юм. Нэгдүгээрт, буудаад дийлэхгүй байна. Хоёрдугаарт, амьтанд харгис хэрцгий байдлаар хандаж байгаагаас гадна буунд хүн, хүүхэд өртвөл яах вэ. Хүүхдийн нүдэн дээр буудах, хүний амь насны асуудал цаана нь яригдаж байгаа юм. Гэрийн тэжээвэр амьтан тэжээж байгаа асуудлыг хариуцлагатай болгоё. Зүгээр нэг шохоорхлоор тэжээгээд өвдөнгүүт нь гаргаад хаядаг байдлаар биш бүртгэлжүүлье, чип суулгая гэдэг нь дор хаяж жилдээ нэгээс хоёр удаа тарилга, вакциныг нь хийлгэ гэж үүрэгжүүлэх гээд байгаа юм. Үржлийг нь хаалга, зах замбараагүй үрждэг байдлыг хязгаарла гэхчлэн гэрийн тэжээвэр амьтан тэжээж буй хүмүүсийг хариуцлагатай болгож, үүрэгжүүлэх шаардлага байна.
Жилийн хугацаанд манай Ажлын алба болон “Азтай савар” ТББ-ын залуус ажиллаад ийм том хуулийн төсөл бэлэн болгочихсон. Үзэл баримтлалаа баталчихсан ч яг өргөн баригдаагүй байгаа төсөл шүү. Дөнгөж боловсруулаад D-parliament аппликейшнээр иргэдээс санал авч байгаа. Ингэхэд дөрөв хоногийн хугацаанд 6123 иргэн хуулийн төслийг үзэж, 164 иргэн саналаа өгсөн байна. D-parliament aппликейшний админуудаас асуухад гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хамгийн олон хүн үзэж, одоогоор рекорд тогтоогоод байгаа гэсэн.
-Нохойд хүн хазуулбал уг амьтны эзэнд хариуцлага хүлээлгэх талаар хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгагдаж байгаа вэ?
-Нэгдүгээрт, олон нийтийн газрууд, цэцэрлэгт хүрээлэнд ч юм уу гэрийн тэжээвэр амьтныг салхилуулахад хязгаарлалт тавина. Цэцэрлэгт хүрээлэнд жаахан хүүхэд нохойд хазуулсан тохиолдол бий. Нохойг гадуур салхилуулахдаа заавал хүзүүвч, хошуувч зүүлгэх гэх зэргээр үүрэгжүүлнэ. Энэ үүргийг зөрчих юм бол эзэнд нь торгуулийн арга хэмжээ авна. Бусад улс оронд тийм л байдаг. Мөн амьтны ялгадсыг ил задгай хаяхгүй. Эзэн нь заавал авна, цэвэрлэнэ. Нэгэнт амьтан тэжээж байгаа бол амьтан тэжээдэггүй иргэдийн эрхийг хөндөхгүй, зөрчихгүй байх ёстой учраас үүрэг, хариуцлагын заалтыг хуулийн төсөлд тусгасан.
-Хоёулаа нийгмийн сүлжээнд пост оруулж байгаа мундаг хүмүүсийн ярьж байгаагаар баахан муур, нохойхон ярьчихлаа?
-Тэр хүмүүсийн шүүмжлэл, үзэл бодлоо илэрхийлсний ачаар анхаарч өгөхгүй байсан энэ хуулийн төсөл хүмүүсийн анхааралд орж, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг давахаар яригдаж эхэлсэнд миний хувьд баяртай байна. Энэ сэдвийг олон нийт сайн, муу талаас нь шүүж байна гэдэг нь тэр хэрээр анхааралд орж, хуулийн төсөл боловсронгуй болж сайжрах, засах боломж гарч ирж байгаад баяртай байгаа.
-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хууль байна. Тэнд 10 их наядын авлига эргэлдэж байна гэж та хэлсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөвтэйгээ тэнцэх хэмжээний мөнгийг төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд авлига, хээл хахуулийн замаар эргэлдүүлж байдаг юм уу?
-Ер нь манай хөгжилд хамгийн их саад болж байгаа зүйл бол авлига. Хоёрдугаарт, төр өөрөө бизнес рүү хүч түрж ороод хувийн хэвшил, чөлөөт эдийн засгийг хөгжих ямар ч боломжгүй болгож байгаа төрийн өмчит компаниудын асуудал байгаа юм. Төрийн өмчийн хороо 130 орчим төрийн өмчит компани байна гэж ярьдаг боловч төрийн болон орон нутгийн өмчит компани албан ёсоор 400 гаруй бий. Бүртгэлд ороогүй улсын үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон зарим аймгуудад байгаа бүртгэлгүй байгууллагуудыг оруулбал 600 хүрнэ.
АРАВ ГАРУЙ АЙМАГТ ТӨРИЙН ӨМЧИТ ЭМИЙН САН БАЙНА
-Бүртгэлгүй байгууллага гэж юу гэсэн үг үү?
-Зарим аймгуудад орон нутгийн өмчит эмийн сангууд байгаад байна. Төр эмийн сан байгуулчихаад 10 гаруй аймагт орон нутгийн өмчийн эмийн сан байна. Мөн 10 гаруй аймагт орон нутгийн өмчит буюу орон нутгийн засаг захиргаа байгуулсан ойн аж ахуйн нэгж байна. Модоо огтолж зардаг. Төсвийг нь орон нутгийнхаа төсөв рүү оруулдаг гэж ярьдаг. Энэ чинь зах замбараа, хяналтаа алдчихсан. Тоогоо гаргаж чадахаа больчихсон. АТГ 2019 онд төрийн өмчит компаниудад 10 их наядын авлига байна гэж албан ёсоор зарласан. Би гаргаж тавьсан тоо биш. Иргэд их наяд гэхээр тэрбумаас ялгадаггүй юм байна. Авлигыг сая төгрөгөөр ярьдаг байснаа сүүлдээ тэрбум, одоо их наядаар ярьдаг болж. 10 их наяд төгрөг гэдэг бол нэг сая хүнд 10 сая төгрөг өгөхүйц хэмжээний мөнгө.
Хотын гэр хорооллын бүх айлд приус машин авч өгөх хэмжээний мөнгөний тухай яриад байгаа шүү гэж жишээ болгосон юм. Том, том үйлдвэрийн газруудад том авлига байна. Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Багануур, Эрчим хүч зэрэг төрийн өмчийн оролцоотой компаниудад байгаа авлигын дүнг АТГ ярьсан байдаг. Би ашиг сонирхлын зөрчилгүй, миний ах дүү, хамаатан саднаас төрийн өмчийн компаниудад нэг ч хүн ажилладаггүй. Би нэг ч бараа материал шахаж байгаагүй учраас ашиг сонирхлын зөрчил байхгүй. Тиймээс энэ хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллая гэж ил цагаан амбицаа илэрхийлээд байгаагийн утга энд байгаа юм.
-Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн тухай ярьж байна. УИХ-ын гишүүн болсон л бол тэнд заавал өөрийн төлөөний хүнээ байршуулдаг албан бус, журамлагдаагүй харилцаа байгаад байдгийн учир шалтгаан нь юу юм бэ?
-Сонгуульд нам, нэр дэвшигч ялахын тулд ёстой нөгөө хазахаас бусдыг хийж байна. Мөнгө, хүн, хүч орж байна. Ний нуугүй хэлэхэд би нийгмийн сүлжээний ачаар сонгуульд хамгийн бага зардалтайгаар оролцож ялсан. Хэрэв сошиал гэдэг юм байгаагүй бол өөрийн бодлогоо танилцуулах боломж гарахгүй, өндөр төлбөртэй хэвлэл мэдээллийн байгууллагад хандана. Сурталчилгааны үеэр би нэг ч телевизийн ярилцлагад ороогүй, хэвлэлд нэг ч төгрөгийн зардал гаргаагүй. Зөвхөн өөрийн сошиал хаягаар мэдээллээ түгээж байсан. Маш их зардал гардаг учраас компаниудаас хандив авна.
Олон хүн ажиллуулахын тулд цалинжуулна. Эргээд тэд нарынхаа барьцаанд орно. Сонгуульд ялсны дараа тэр хүмүүс чинь намайг ажил, албан тушаалд тавь гэдэг нь төрийн өмчит компаниудад очдог. Дандаа дарга нар, гишүүдийн ах дүү, хамаатан садан төрийн өмчит компаниудад битүү шивчихсэн. Тэгэхээр нээлттэй байдал, сонгуулийн зардлыг багасгах тогтолцоо нь өөрөө цаад утгаараа дээрх зовлонгоос чөлөөлнө. Би нэг ч хүнд өргүй байдлаар сонгогдсон учраас төрийн өмчит компаниудад нэг ч хүн оруулаагүй гэж бардам хэлж байгаа юм. Хүний өмнө үүрэг хүлээж байгаа зүйл надад байхгүй. Ингэснээрээ би шаардлага тавих, ард түмний өмнөөс хянах нэр нүүрээ, барьцаалагдахгүй байх дархлаагаа авч үлдэж чадаж байгаа юм.
-Тэгвэл гишүүн болгон тан шиг байдлаар сонгогдож болохгүй юу?
-Богино хугацаанд зард гарья гэвэл хэвлэл мэдээллээр л гарах байх даа. Та бол сайн мэдэж байгаа. “Монгол коммент”-ыг л хүмүүс үздэг шүү дээ. Зурагт үздэг хүмүүс шууд хүлээж авдаг юм байна лээ.
-Таныг ажиглаад байхад төлөв мөртөө өгүүлэмж нь эсэргүү маягтай харагдаад байдаг. Дэд сайд байхдаа салбарынхаа сайдтай “үзсээр” байгаад огцорч байсныг санаж байна. Одоо нам дотроо сөрөг хүчин шиг ажиллаад байна. Өөрт тань ийм мэдрэмж төрдөг үү?
-Үүнийгээ ухамсарлаж улстөрд орсон. Орж байгаа цэгээ мэдэж байгаа бол дуусах цэгээ мэдэж орсон. Ухамсарлаж орсон учраас сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй гэсэн үг. Манай нам өөрөө юмыг журамлаад хайрцаглаад байдаггүй. Нарийн яривал намын удирдлагууддаа нэлээн хатуу намтар түүхтэй, хариуцлага тооцдог нам. Энэ юу гэсэн үг вэ гэвэл гадна талдаа коммунист гээд байдаг боловч дотроо “эвгүй” ардчилалтай нам шүү дээ. Жишээлбэл, би ЖДҮ, Хөгжлийн банк ярьж, шүүмжилж, дэд сайдаасаа хүртэл огцорч байсан гэхэд 2020 онд намын дарга байсан У.Хүрэлсүх тухайн үед “Өөрийн багаа би нэр дэвшүүлнэ” гэж надад итгэл хүлээлгэж, нэр дэвших боломжийг надад олгож байв. Хэрэв олон ургалч үзлийг хаадаг нам байсан бол угаасаа би нэр дэвших ч үгүй байсан.
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХЭРЭГЖИЛТ 50 ХУВЬ ХҮРЭХГҮЙ БАЙНА
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэх үеэр соёл урлаг, спортынхон тэнд очиж цол хэргэм авдаг, салбарын нэр хүнд үнэлэмж уналаа гэдэг шүүмжлэл өрнөсөн. Энэ цаг үеийн шаардлага юм уу, зүй тогтол нь юм уу?
-Шударга ёсыг дэнсэлж, эцсийн шийдвэрийг гаргадаг газар бол шүүх. Шүүхийн шийдвэрийг шүүдэггүй. Энэ заавал хэрэгждэг байх ёстой. Угаасаа шүүхийн шийдвэр хүн бүрд таалагдаж гардаггүй. Тэнд заавал хохирогч байдаг. Гэм буруутай этгээд байж байдаг. Аль нэг тал нь сэтгэл дундуур үлддэг. Хамгийн гол нь хуульд үндэслэж, дэнслэгдэж, бодит үнэнийг яг тогтоосон байдлаар шүүхийн шийдвэр гардаг байх ёстой.
Тэр утгаараа шүүхийн шийдвэр, шударга ёсны нэр хүнд, дархлаа нь тэр гарсан шийдвэр заавал хэрэгжиж байж шүүх системдээ, шударга ёсондоо итгэх итгэл улам батжиж явдаг. Гэтэл өнөөдөр Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хэрэгжилт 50 хувь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл хэдэн жил явж, явж шүүхээс гарсан шийдвэрүүд шийдвэр гүйцэтгэл дээр очоод хэрэгждэггүй. Тийм учраас үүнийг олны анхааралд хүргэх ёстой. Дуучин A Cool буюу Б.Анхбаярт цол өглөө гээд ярьчихсан чинь л энэ асуудал анхааралд орчихсон. Яг хуулийн нарийн томьёолол, системийн өөрчлөлтийг яриад байхаар хүн үздэггүй, гишүүд ч сонирхдоггүй. Аминдаа л энд анхаарал татах асуудал байгаа шүү гэдгийг дуучин залуугаар дамжуулж олны анхааралд оруулсан.
-Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд нь дундын эзэмшилд өгөх, эзэнжүүлэх асуудлыг та хөндөж ирсэн. Газрын тухай хууль юу болж байгаа вэ?
-Ер нь газар ба орон сууцны бүртгэл нэг байх ёстой гэдэг асуудлыг миний хувьд өөртөө итгэл үнэмшил болгоод сүүлийн 20 жил ажиллаж байна. Анх 2002 онд газрын хууль батлагдаж байх үед Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед газар ба орон сууцны бүртгэлийг нэг болгож, нэг байгууллагад хариуцуулсан. Дараа нь салгасан. Бүртгэлийг тусдаа болгосноор өнөөдрийн энэ асуудал үүссэн. Би хууль тогтоогч болох гээд УИХ-д нэр дэвшихдээ хуулийн хулгайтай тэмцэнэ гэж хэлсэн.
Миний амласан зүйл бол нийтийн орон сууцны доорх орчны газрыг дундын хэрэгцээнд хязгаартайгаар эзэмшүүлэх хуулийг шийдүүлнэ гэсэн. Энэ хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг нь үзэл баримтлалыг дэмжсэн. УИХ-ын гишүүдээс буруу гэж ярьж байгаа хүн бараг байхгүй. Ганц, хоёр гишүүн гадны иргэдэд өмчлүүлэх гэж байна гэж мушгисан. Би чинь дотооддоо дайсан ихтэй хүн. Дундын өмчлөлд хязгаартайгаар эзэмшүүлнэ гэдэг нь нэгдүгээрт өмчлүүлэхгүй, хувийн өмчид өгөхгүй. Дундын хэрэгцээнд нь эзэмшилд өгнө.
Өөрөөр хэлбэл таван давхар байшингийн 100 өрхийн дундын хэрэгцээнд хязгаартайгаар эзэмшүүлнэ. Хэн нэгэн нь ганцаараа зарж чадахгүй, ганцаараа нураагаад байшин барьж чадахгүй, мод бут байгаа газраа авто машины зогсоол болгож болохгүй, бүгдээрээ нийлж байж, шийдвэр гаргадаг эрхийг өгч байгаа учраас хязгаартайгаар гэж тодотгож байгаа юм. Ер нь ийм эрхийн асуудал манай улсын хуульд байхгүй ч эртний Ромд үүссэн эрх. Бид нар 2000 жилийн өмнө хүн төрөлхтний харилцаанд үүссэн эрхийг одоо яриад байгаа хүмүүс шүү дээ. Үүнийг хуульчлаагүйн гор нь яаж гардаг вэ гэхээр 1960, 1970-аад онд баригдсан, нураах мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан хуучны барилгууд хотод 350, улсын хэмжээнд 540 орчим бий. Олон мянган иргэн өмчлөлийн гэрчилгээтэй амьдарч буй.
Гэтэл байшинг нь нураах шийдвэр гаргачихсан. Газар нь өөрийнх нь эзэмшилд байхгүй. Хэрэв нураах юм бол тухайн хүн гудамжинд гарах болчихдог. Яагаад гэвэл газрынх нь бүртгэл өөр дээр нь байдаггүй. Зайсанд дугуй цагаан гээд хэдэн байшин нураахад хувийн өмч рүү халдлаа гээд бөөн асуудал боллоо доо. Гэтэл тэр газрынх нь эзэмших эрх нь дуусчихсан юм байна билээ. Газар эзэмших эрхийн хугацаа дууслаа бол тэнд гэр байна уу, 100 давхар байшин байна уу ер хамаагүй. Өөрөөр хэлбэл өмчлөгч нь улс. Тэнд байр, байшин, хувийн өмч эзэмшиж байгаа иргэний өмч хууль зүйн ямар ч баталгаагүй байна гэсэн үг. Монгол Улсад өнөөдрийн байдлаар орон сууцанд амьдарч байгаа 335 мянган өрх байдаг. Нэг хаалганы цаана таван хүн байна гэж үзвэл 1.500.000 иргэний олон их наяд хөрөнгийг хамгаалж, баталгаажуулах гэж байгаа хуулийн төсөл юм. Тиймээс би энэ сэдвийг буянт үйл гэж ярих дуртай.
-Хөгжлийн банкны асуудал юу болов. УИХ-д өргөн баригдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Хөгжлийн банк тэргүүтэй улстөрчдийн хулгай, луйврыг өршөөх асуудал тусгагджээ гэдэг шүүмжлэл өрнөлөө?
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон заалт хөндөгдөж орж ирсэн. Хэлэлцэх эсэхийг нь шийдэх үед www.time.mn сайт хамгийн түрүүнд мэдээлсэн байсан. Шинэ Эрүүгийн хуулийн төсөлд Хөгжлийн банкныхны хэргийг хууль гаргаж байгаад өршөөх гэж байна гэх агуулгатай нийтлэл гарсан. Ийм ноцтой асуудал гарахаар нь анхаарал хандуулсан л даа. Нөгөө шалгагддаггүй байсан Хөгжлийн банкны зээлд холбогдон “даам” гарсан нөхдүүд шалгагдаж байгаа.
Харин ч зургаадугаар сарын 24-ний байдлаар 270 орчим тэрбум төгрөг төлөгдөөд явж байгаа юм билээ. Гэхдээ хууль зүйн хувьд яг уншихаар Хөгжлийн банкнаас үгсэн хуйвалдаж зээл авсан нөхдүүд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр арай бага ял авах нигуур надад үнэртсэн. Миний хувьд энэ асуудлыг яг онилчихсон байгаа. Хэрэв тэр нөхдүүдийг ял завшуулвал би дараа нь том, том яриад байх нүүргүй болно доо. Хуулийн хулгай хийхэд хамтран оролцсон этгээд болж хувирна. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэж сонгогчдынхоо өмнө амласан, иймэрхүү асуудал дээр онцгойлон анхаарч байгаа учраас хуулийн цоорхойг тэдэнд ашиглуулахгүй л гэж бодож байна.
-Та хэдийгээр БЗД-ээс сонгогдсон ч гэлээ Дорнод нутгийнх. Петрочайнагийн хууль бус үйлдэл, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, мөн авлигын асуудал сөхөгдөөд байна. Үүний ард ашиг сонирхлын маш том бүлэглэл байна уу. Үнэхээр нэр бүхий улстөрчид найман тэрбум төгрөгийн ашиг авдаг юм уу, нэрийг нь шууд зарлах боломж байна уу?
-Би байнгын хорооны хуралдаанд ил зарлачихсан шүү дээ. Хуралдаанд мэдээлж байна гэдэг чинь олон нийтэд зарлаж байна гэсэн үг. Харин би эх сурвалжийнхаа нууцлалыг хадгалахын тулд хүмүүсийн нэрийг хэлээгүй. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2014 онд баталсан санагдаж байна. Тухайн үед тус хуулийн төслийг УИХ-д Н.Алтанхуягийн Засгийн газар өргөн барьсан. Ц.Нямдорж сайд ажлын хэсгийг нь ахалсан. Дараа нь Петрочайнад ажиллах хүчний асуудлыг нь хариуцсан Нийгмийн хамгааллын дэд сайд Д.Нямхүү гэж хүн байсан. Петрочайнад ажиллах хүч нийлүүлсэн компанийн захирал нь гээд бодсон чинь дандаа Увс нутгийнхан байсан. Газрын тосны хуульд тусгагдсан заалтуудыг харахад хардахаар зүйл бий.
Манай улсад ашиггүй маш олон заалтууд оруулсан. Жишээлбэл, энэ хуулиас бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь илүү хүчин төгөлдөр гэдэг заалттай. Гэрээ нь хуулиасаа илүү хүчтэй заалт оруулчихсан байсан. Тэгвэл бид хууль баталж яах юм. Монгол Улсын хууль гэж байгаад яах юм бэ. Гэрээг нь эрт дээр үед байгуулчихсан манай улсад ашиггүй, төрийн нэр барьсан хувь, хувьсгалын юмаа зохицуулдаг ийм бүлэглэл байна гэдэг асуудлыг би хөндсөн. Гэхдээ би эх сурвалжаа хэлэхгүй. Эх сурвалжийн хэлснээр зөвхөн хүний нөөц бүрдүүлэхэд найман тэрбумын цэвэр ашиг хийж байгаа ноцтой асуудал үүссэн. Тиймээс Засгийн газраас Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм билээ. Би нэг зүйлд их баяртай байгаа. Хууль зүйн дэд сайд Б.Солонго сайд энэ асуудлыг ахалж байгаа гэсэн. Би Б.Солонго сайдад их итгэж байна. Энэ хүн бол Оюу толгойн гэрээг Монголчуудад ашигтай байдлаар эргүүлэхэд маш амжилттай сайн ажилласан.
-Эмийн бизнесийн тухай та бас л баримт дэлгэсэн. "Эмийн мафи" гээд тодорхойлчихсон. Бүр мафи битгий хэл маапаан ч хийж болохгүй эм зүйн салбар нь ийм болчихоор бидэнд итгэл үнэмшил хэрхэн төрөх билээ. Хууль эрх зүйн хувьд шийдэх ямар гарц байна?
-Юм л ярихаар мафи ярьдаг болсон. /инээв/ Бүх л газар мафи. Энэ асуудлыг иргэд бүгд мэдрээд байгаа юм. Жишээ авъя. Миний хүүхэд ханиад хүрээд бүтэн сар эм уусан ч эдгэхгүй. Энэ ямар учиртай юм бэ, эм биз дээ. Тэгээд ямар ч өндөр үнэтэй юм. Үнэ нь бүр талийчихсан. Замын наана цаана байгаа хоёр эмийн санд нэг ижил эм өөр, өөр үнэтэй. Дураараа, хүссэнээрээ тогтоочихсон. Ямар ч хяналт байхгүй, чанар байхгүй.
Америк, Европ зэрэг оронд үйлдвэрлэж байгаа олон улсын стандарт шаардлага хангасан, аюулгүй байдал, чанар нь маш өндөр энэ газруудаас эм байтугай витамин оруулж ирэхийг хориглоод хаячихсан. Нэмэлт тэжээл оруулж ирж ч болохгүй. Яагаад ингээд хориглочихсон юм гэхээр “Монос”-ын Л.Эрдэнэчимэг хууль тогтоогч байхдаа энэ бүхнийг хийсэн. Хүн амынхаа эрүүл мэнд, удмын санг аюулгүй байлгах гэж байна гэхээр нь нээрээ л тийм дээ гээд кноп дарчихсан. Тэгээд энэ хэнд ашигтай вэ гэхээр зөвхөн Монос компанид л ашигтай. Өөрсдийнх нь үйлдвэрлэдэг эм л борлогдоно. Энэ мэт эмийн мафиас болоод хамгийн чанаргүй, хамгийн үнэтэй, хамгийн хямдхан эм хэрэглэдэг улс болчихсон. Олон шалтгаан байгаа юм билээ. Түүний нэг нь Тендерийн хууль.
Өөрөөр хэлбэл Тендерийн хуулиар хамгийн хямд үнэ хэлсэн эмийг нь сонгох ёстой гээд заачихсан. Нийт зах зээлийн эмийн борлуулалтын 80 хувийг улсын болон өрхийн эмнэлгүүд авдаг. Хамгийн хямдхан эмийг дагаж чанаргүй нь л орж ирдэг. Бид бараг Зомби болчихлоо. Эрүүл мэндийн энэ асуудлыг цэгцлэх гээд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар” гэдэг Засгийн газрын агентлаг байгуулсан. Гэтэл нөгөө эм үйлдвэрлэдэг компаниуд бүгд гар хөлөө агентлаг руу нь шургуулчихсан. Бүр энэ Засгийн газар, Ерөнхий сайдын түвшинд яригдаж байна гэдэг нь өөрөө ичмээр асуудал. Яахаараа ийм сэтгэлгүй, мөнгөний хойноос улайрчихсан, хүнээ бодохгүй яваад байна аа. Биднийг зөвхөн мөнгөний хэрэгсэл гэж хараад байна. Ерөөсөө хүн гэж харахгүй байна. Өвдсөн хүнийг эдгээхгүй байх нь эмийн мафид ашигтай. Үнэтэй эмийг тэд ийм маягаар шахаж байна шүү дээ.
САЛАН ТУСГААРЛАЯ ГЭЭД СУМЫН ИТХ ШИЙДВЭР ГАРГАЧИХВАЛ ҮҮНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БАЙГУУЛЛАГА МОНГОЛ УЛСАД БАЙХГҮЙ БАЙНА
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар таны байр суурийг сонирхоод ярилцлагаа өндөрлөе.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нэгэнт яригдаж байгаа учраас миний хувьд орчихоосой гэсэн хэд, хэдэн асуудал байна. Тухайлбал би өөрөө Аймаг, нийслэлийн ИТХ-ын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг ҮХЦ-ээр хянуулдаг асуудлыг Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулъя гэдэг санал гаргасан. Манайх бол нэгдсэн улс. Сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахаар дэлхий нийтийн дайны байдал, газар нутгийг өөрсдөдөө нэгтгэж байгаа байдлыг үзэхэд энэ аймгийн Иргэдийн хурал нь хурлаараа шийдсэн юм гэж хэлээд нэгтгээд байгаа асуудал үүсэх болсон.
Тийм учраас бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, салан тусгаарлах үзэл бодлыг дэмжиж таарахгүй. Болзошгүй эрсдэлийг хаах үүднээс аймаг, нийслэлийн ИТХ-ын Үндсэн Хууль зөрчсөн шийдвэрүүдийг ҮХЦ-ээр хянуулдаг байх ёстой. Одоо хэн ч хянадаггүй, хэн ч хүчингүй болгох эрх байхгүй. Ийм л байдалтай байна. Тэгэхгүй бол манай Булган аймгийн нэг сум одоо Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосугай гэдэг шийдвэр гаргачихсан шүү дээ.
Улсын дээд шүүхийн шийдвэрийг сумын Иргэдийн хурал нь хүчингүй болгоод үнэхээр утгыг нь алдагдуулж байна. Тэгэхээр ийм байдлаар Үндсэн Хууль зөрчиж байгаа нөхдүүдийн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Хэрвээ салан тусгаарлая гээд нэг сум нь, эсвэл аймаг нь өөр улстай нэгдье гээд Иргэдийн хурал нь шийдвэр гаргачихвал үүнийг хүчингүй болгох байгууллага Монгол Улсад байхгүй байна. Улсын Их Хурал хүчингүй болгоё гээд хууль гаргасан ч Улсын Их Хурал оролцох эрхгүй Үндсэн Хууль зөрчсөн гээд хүчингүй болгочихсон шүү дээ. Тиймээс ерөөсөө хянагддаггүй. Хууль зөрчсөн шийдвэрийг нь болохоор Захиргааны шүүх хянаад байгаа. Би Үндсэн Хууль зөрчсөн шийдвэрийг нь хөндөөд байна. Энэ бол том асуудал.
Огт дэмжихгүй хоёр асуудал байгаа. Нэг нь хоёр танхимтай парламентыг дэмжихгүй. Энэ бол нэгдүгээрт, Холбооны улсуудад байдаг. Холбооны буюу олон үндэстэн ястнууд амьдардаг, хоорондоо ер нь болж бүтэхгүй асуудал ихтэй. Байсхийгээд л байлдах гээд байдаг нөхдүүдийн ая занг нь тааруулж зохицуулах зорилгоор хоёр парламент байгуулдаг. Улсаа тараачихгүй байх гэж, бүгдийнх нь төлөөллийг оруулж ирэх гэж хоёр парламент байгуулдаг. Монголчууд бид арай ч зодолдох дээрээ тулсан олон үндэстэнтэй улс биш. Сүүлийн үед эсрэгээрээ парламентын засаглалтай мөртөө Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгоод явж байгаа хандлагууд байна.
Жишээлбэл үнэмлэхүй олонх нь нэг нам болчихсон. Ерөнхий сайдын маш хүчтэй засаглалтай улсуудад Ерөнхий сайд нь парламентаа тарааж байна шүү дээ. Ийм улсуудад Ерөнхийлөгчөө хүртэл парламентаас сонгочихоор Ерөнхий сайдын хэмжээлшгүй эрхт засаглал руу, цаад утгаараа намын даргын хэмжээгүй эрхт засаглал руу явах эрсдэлтэй. Тэгэхээр сайн муу хэлүүлээд байгаа парламентын засаглал чинь маш чухал. 76 хүнийг базаж чадахгүй л байхгүй юу. Тэр дотор чинь заавал нэг далий хүн гарч ирнэ. Заавал нэг хянадаг нөхөр гарч ирнэ. Заавал тэнд сөрөг хүчин байдаг. 76-уулаа бүгд хуйвалддаггүй л байхгүй юу. Нэг хүнийг хуйвалдах байтугай ингэж бодож амжаагүй байхад нь л базна. Тийм учраас би парламентын засаглалаа төгөлдөржүүлэх гэдгийг дэмждэг. Энэ талд үнэнч зогсдог. Нэг хүний засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн, ардчилал эрх чөлөөг нухчин дарахад чиглэсэн тогтолцоог хэрхэвч дэмждэггүй. Энэ нь хүний, өөрийн байна уу гэдгээс үл харгалзан хатуу зогсдог. Цаашид ч зогсоно.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин